10/05/2008
Удам угсаа
Улс үндэстэнд цус ойртох гэсэн аюул байдаг. Иймийн учир эртнээс өвөг дээдэс ургын модыг хөтөлж удам угсаагаа залгуулж явж. Есөн хүү тус бүрийн есөн хүүхэд нийлээд 90 хүрсэн үр хүүхэдтэй Ерэнтэй өвгөний тухай монгол үлгэр байдагдаа. Дээхнэ цагт эрүүл чийрэг, урт настай ухаалаг өвгөдтэй байсны нэгэн жишээ. Монгол хүн 7 дахь үеэсээ ураг тасрана, үл хамаарна гэж үзээд өөрөөс дээш ядаж 7 үеийг мэдэхийг сургадаг байсан. Одоо харин төрлөө мэдэхгүй болж, болгосон нь харийн бодлого байж.
90 харуулынхан
Эмээгийнхээ дурсгалд зориулан бичиж сууна. Ээжийн ээж тэрээр монголын хойд хилийг хамгаалах эртнээс 90 харуулынхан гэж нэрлэгдсэн халх нүүдэлчидийн угсаа. Тэрээр 30-аад оны хүүхэд насандаа түгшүүртэй зарим нэг зүйлийг ойлгоход дэндүү балчир байж. Шөнө дөлөөр цуглаж нууц яриа хийдэг хүмүүс. Мэдээж хэлмэгдэлтийн хатуу ширүүн үеийн лам хуврагууд, эсвэл хувьсгалын үйл хэрэг ч байж болох. Гэхдээ ард иргэдийн налгар тайван, ажил ухаанаараа аж төрсөн уламжлалт амьдрал бахдалтай сайхан байсан юм билээ. Харин бид тэр сайхан өв бүхэнээ өвлөж чадаагүй байх.
10/04/2008
Эрдэнэ Зуу
Гадны зочиддоо нүүр тахлах цөөхөн хэдэн үзүүлэх зүйлийн нэг нь ЭрдэнэЗуу хийд. Номын ордондоо бус эртний нийслэл гэдэгээрээ ч чухал. Одоо ч малтлагаар мөнгөн модны хэсэг олдсоор буй. Өвөө маань одоо 2 түм хол давсан айлтай Хархорин хотын анхны 5-хан гэр айлын нэг болон суурьшиж. Эзэнгүй тал шороонд дарагдсан балгас байж л дээ. Тэгээд өвөг эцэг хүнд техникээр шороог нь түрж 108 суваргаа гаргаж авчээ. Түүх гэдэг нь үлгэр биш урьд өрнөсөн амьдрал.
10/03/2008
Шашин бус заншил
Одоогын Өвөрхангай аймгын Шанх сумын нутагт Баруун хүрээ хийд гэж бий. Өглөө бүр бүрээн дуунаар сэрж үлгэрийн мэт багахан хотхонд орчлон хорвоогын чимээ шуугианаас ангид өссөн балчир насаа азтайд тооцно. Өвөг дээдэс маань хүнд хэцүү 70 жилд авдартаа бурханаа залж, уншлага номоо таслалгүй ирсэн номтэй шидтэй хүмүүс байсанаас миний санамж шашин шүтлэг гэж туйлшрахгүй ч сүсэглэж явдаг. Ардчилалын дараагаар элэнц эцэгийг төр соёрхож баатарын зэрэгтэй нэхэн үзэж шагнал хүртээхээр товлож байсан удаатай. Түүхийн хэсэг хуудас нь өөрөө холбоотой болохоор яалтай ч билээ.
10/02/2008
Далай хүн
Нагац ахын маань оюутан ахуйдаа европын оронд зочилсон тэр удаа. Бужигнасан олон хүнтэй газар явах замдаа нэгэн эмгэн "Далай хүн" хэмээн уулгалан амарч суухыг ажиж. Ямар олон хүн бэ гэсэн утгаар. Төрийн хуульч прокурор түүх сонирхогч тэрээр баясгалантайгаар яриа эхлэхээс яах вэ дээ. Сүүлд мэдэхнээ тэр нь халимаг монголчуудын суурьшиж үлдсэн орон аж. Саяхан социализмийн үед, хувьсгалын дараа хятадын өмнөд хэсэгт амьдарч байсан цэвэр монголчууд эх монголтойгоо нийлэх санаа хүсэлт гаргаж байсан удаатай. Одоо бол өнгөрөө биз дээ. Бусад улс орон дахь тархай монголын шинэ залгамж халаа нь монгол гэдэгээ барин тавин ойлгож буй бол их юм биз. Харин гадаадад оршин суухаар явж буй шинэ монголчууд дэлхийн өнцөг булан бүрт байх болж. Зөвхөн өнгөрсөнд бус одоо ч харьд ууссаар.
10/01/2008
Чингис хааны угсаа
"Сайн хүний нэрийг гурав хувааж иднэ" гэсэн үг байдаг даа. Гурван сая байтугай хувааж идэж байна. Бүр зарим нь удам угсаа нь гээд явж өгчээ. Одоо Их хаанаас хойш хэдэн үе өнгөрсөн гэдэгийг мэдэж байна уу. Юун 9 үе байтугай. За яахав хамгийн ойрын хүнийг хэлэх гээд үзье. Чингис хааны удам угсаа Сайн ноён хан аймгийн түшээд гэж явдаг байсан. Хамгийн сүүлд ХХ зууны дунд үед ханы хүү залгамжлаагүй. Харин гүнж төрж түүний хүү нь хэдхэн жилийн өмнө өөд болсон. Түүхчид сайн мэддэг түүнтэй хэлэлцдэг байсан. Тэр настан эцэс болтолоо Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг орчмоор нутаглаж уул ус, модоо тасралтгүй ёс жаягтайгаар тахисаар байсан. Авга эгчийн хадам тул тэр тайлганд бага ахуйдаа хэдэнтээ оролцсон удаа бий.
Subscribe to:
Posts (Atom)